ЭНЭ ЛХАГВА ГАРАГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Лхагва гараг буюу энэ сарын 11-ний өдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаатай холбоотойгоор энэ өдөр бүх нийтээр амрах юм.
Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу амрахаар хуульчилсан байдаг юм.
Бурхан багшийн их дүйчин өдөр (пали, самгарди хэлээр: Vaiśākha) нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр гэж үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн бол бурхны шашин Азид 20 дугаар зууны эхэн үеэс оршин тогтнож ирсэн түүхтэй. Харин манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж иржээ.
Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг нь
- Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
- Номоо номлож хутгийг олсон,
- Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцох ба 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.
АРВАН ЦАГААН БУЯН
1. Хорхой шавьжнаас аваад алив амьтны амь хөнөөхийг цээрлэж, аврал өршөөх арга замыг барин дагах
2. Юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг бодолгүй, харин өөрөө өгөх
3. Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэх
4. Хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван, амирлангуйг хичээнгүйлэх
5. Худал хэлэхийг цээрлэж, шударга занг эрхэмлэх
6. Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж, нийлэмжтэй зөөлөн харилцах
7. Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх
8. Бусадтай арцалдах, элдэв хорт сэтгэлийг үл агуулан чин сэтгэлийн үгийг ил тод хэлэх
9. Хомхой шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг барих
10. Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд, эвсэг зөөлөн, хүнлэг сэтгэлийг баримтлах
АРВАН ХАР НҮГЭЛ
Арван хар нүгэл бол буддын шашны муу, буруу үйлдлийг илэрхийлсэн ухагдахуун юм. Хүний үйлдэх нүглийг дотор нь биеэр үйлдэх гурван нүгэл, хэлээр үйлдэх дөрвөн нүгэл, сэтгэлээр үйлдэх гурван нүгэл гэж ангилж үзсэн.
Биеэр үйлдэх гурван нүгэл
1.Амьтны амь таслах
Аливаа амьтны алтан амийг хорлох нь түүний амьд ахуй үедээ үйлдэх буян, үр удам, хийж бүтээх бүх зүйлсийнх нь хамт хөнөөн устгаж буй тул маш их хилэнц нүгэлтэй үйл юм. Амьтны аминд хүрэхийг өдөөдөг сэтгэл нь “Гурван хор” гэж томьёолдог мунхаг, уур, шунал гурав юм.
2.Хулгай хийх (эс өгснийг авах)
Бусдын хөлс хүчээрээ олсон эд таваарыг учир эс мэдэх мунхаг, үл ханах шунал, үл энэрэх уур хилэнт сэтгэлийн үүднээс хүч түрэмгийлэн булаах, нүднээс далдуур сэм авах, зээлүүлж хүүлэн өсгөх, ямар нэгэн башир муу аргаар өгөөгүй байхад буюу зөвшөөрөлгүйгээр салган хагацуулахыг хэлнэ.
3.Ариун бус явдал
Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг буруу хурьцал гэж хэлдэг.
Хэлээр үйлдэх дөрвөн нүгэл
1.Худал ярих
Мунхаг, шунал, уур хилэнт сэтгэлийн үүднээс ямар нэгэн байдлаар бусдад санаатайгаар толгойг нь эргүүлэн буруу ойлголт өгөх, мөн зөв бодол санааг элдэв үг тэргүүтнээр эргүүлэхийг хэлнэ.
2.Хов өгүүлэх
Эв найрамдалтай байгаа хүмүүсийг хооронд нь салган үймүүлэх, эв эегүй байгаа хүмүүсийг улам бүр холдуулах зэрэг зохисгүй үйлдэлийг үнэн худал, яруу бус үг яриагаар мунхаг, шунал, уур хилэнгийн эрхэнд автан үйлдэхийг хов өгүүлэх гэнэ.
3.Ширүүн үг өгүүлэх
Гурван хорт муу сэтгэлийн нөлөөгөөр өөрийнхөө дургүйцлийг гарган бусдыг харааж зүхэх, дайрч давшилсан үг өгүүлэх, үнэн худал үгээр доромжлох, бусдын нууц хоригийг бүдүүлгээр уудлах, бусдын сэтгэлд сэв суулгах зэргийг ширүүн үг хэлэх гэнэ.
4.Дэмий чалчих
Ямар ч утга учиргүй, хэрэг болох ухагдахуунгүй, элдэв хэрэггүй зүйлсийн талаар цаг заваа гарздаж, амныхаа зоргоор дур мэдэн өгүүлэхийг хэлнэ.
Сэтгэлээр үйлдэх гурван нүгэл
1.Хүсэл шунал
Бусдын эрдэм мэдлэг, эдэлж, эзэмшиж байгаа эд хөрөнгө, баялагт шунан тачааж, өөрийн болгох гэсэн, эсвэл түүнд атаархан эн зэрэгцэх эд хөрөнгө, бараа таваар хураахыг санагалзах, хүний эд хөрөнгийг илүү үзэх зэрэг шунаг сувдаг сэтгэлийг хэлнэ.
2.Хорон сэтгэл
Бусдын хорлол хийгээд сэтгэлд үл нийцэх үйлдэлд тэсвэрлэлгүй өс хонзон санан хорсох, зодож нүдэх, хүлж боох тэр байтугай алах санаа өвөрлөх зэрэг хорон сэтгэлдээ бүрэн автахыг хэлнэ.
3.Буруу үзэл
Нүгэл буян гэж байхгүй, үйлийн үрийн нарийн ухагдахууныг үгүйсгэх, Гурван эрдэнэд үл итгэх, хойд урд нас байхгүй худал зүйл хэмээн гүтгэх зэргийг хэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.